
ДАВААЦЭРЭН Алтангэрэлийн /1924-2004/. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум. Монументаль чимэглэлийн үйлдвэрийн барималчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1983-05-24. №104/. ЗХУ-д /хуучин нэрээр/ Ленинград хотод Репины нэрэмжит уран зургийн академийг уран барималч мэргэжлээр төгсчээ. 1946 оноос дүрслэх урлагийн болон МУЭ-ийн хороо, түүний харьяа байгууллагуудад тасралтгүй ажиллангаа Дүрслэх урлагийн дунд сургууль, УБДС-д багшилж залуу авьяастныг сурган хүмүүжүүлэхэд мэдлэг, чадвараа зориулсан байна. Дээд сургууль төгсөхдөө “Эцгийн гэрээслэл” хэмээх алдарт бүтээлээ хийж диплом хамгаалснаас хойш уран баримлын сонгодог аргыг монгол баримлын уламжлалтай холбон “Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар 1921 онд”, “Сүхбаатар”, “Д.Нацагдорж”, төрийн ёслолын өргөөнд залагдсан “Чингис хаан” зэрэг түүхт хүмүүсийн баримал, Өлгий хотод Баян-Өлгий аймгийн анхны дарга, партизан Хавий, Ховд хотод ард Аюуш, Булган хотод улсын баатар Лхагвадоржийн хөшөө, аж байдлын сэдвээр малчны ажил үйлсийг харуулсан “Буриад өвгөн”, “Монгол бүсгүй”, “Шилбүүр барьсан бүсгүй”, сэтгэхүйн гүн рүү эрэлхийлсэн “Бодол”, “Инээд”, “Байз гэм” гэх мэт цуврал бүтээлүүд туурвиж, үндэсний соёл амралтын төв /хуучин нэрээр хүүхэд залуучуудын парк/-д загасан гүүр, мангасын ам гэх мэтээр түүх, аж байдлын сэдэвт болон хөрөг баримал, чимэглэлийн баримлын олон арван бүтээл туурвижээ. Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.