
ЦЭРЭН Гэнэнгийн /1930-2002/. Дорноговь аймгийн Хатанбулаг сум. “Монгол кино” үйлдвэрийн операторчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1981-07-25. №262/.1947 онд дунд сургуулийн долдугаар анги төгсөөд МУИС-ийн бэлтгэл ангийг дуусгаад зоотехникийн ангид суралцаж байснаа 1951 онд гарч кино үйлдвэрт зураглаачийн туслахаар орж 1956 он хүртэл ажиллаад, Бүх Холбоотын киноны дээд сургуульд суралцан 1961 онд зураглаач мэргэжлээр төгсчээ. Анх Ч.Ойдовын зохиолоор Д.Хишигтийн найруулсан “Баясгалан” уран сайхны киноны зургийг 1963 онд авснаас хойш “Амьдралын цуурай”, “Толбот хивс”, “Гэмшил, зэмлэл”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Баянбулгийнхан”, “Давааны цаана даваа”, “Хүний төлөө” “Газрын жигүүр”, “Хатанбаатар”, “Ардын Хатанбаатар”, “Сахиус уу, сахиул уу”, “Тань руу нүүж явна” зэрэг уран сайхны 20 гаруй, “Буддагийн 2500 жилийн ой”, “Баярт уулзалт”, “Хөнгөн атлетик”, “Уран нугарагч, “Эртний нутгийн солонго”, “Их говийн зоригтны нутгаар” зэрэг 30 илүү баримтат киноны зургийг авсан байна. Сүүлийн 10 гаруй жилдээ “Бэрс” кино урлагийн дээд сургуульд багшилж мэргэжлээ залуу үедээ сургаж эзэмшүүлэхэд мэдлэг чадвараа зориулсан байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.