
ГҮРДОРЖ Дугарын /1906-1989/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум. УХДТ-ын баримлын мастер байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1980-07-10. №177/.1937 оноос Улаанбаатар хотод Залуучуудын соёлын ордонд тайз чимэглэлийн ажилчин, гар үйлдвэрлэлийн хоршоололд будгийн мастер зэрэг ажил хийж байхдаа зураг баримлын сургуульд суралцаж уран бүтээлийн замаа эхэлжээ. 1941 оноос хойш УТТ, УХДТ, УДАТ-т насны тэтгэвэрт гартлаа барималчин, баримлын мастераар ажиллаж, “Учиртай гурван толгой”, “Кремлийн цаг”, “Эдип хаан”, “Ээдрээ” гэхчилэн 170 гаруй жүжиг, олон арван том концерт, “Цогт тайж” зэрэг хэд хэдэн киноны жижиг хэрэгсэл, баримал чимэглэлийг урлан бүтээж, тайз, дэлгэцийн урлагийн зураг чимэглэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. 1940-өөд оны үед “БНМАУ-ын сүлд тэмдэг”, “Хатанбаатар Магсаржав” баримлаараа улсын уралдаанд байр эзлэн шагнагдаж баримлын урлалд чамбай болохоо харуулжээ. 1948 онд “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” зээгт наамал, 1957 онд олон өнгийн савхиар “Ленин”, “Ажилчин тариачны бат нэгдлийг эвдэж чадах тийм хүч дэлхий дээр байхгүй” гэсэн бүтээлүүд, 1958 онд гэргий уран Мажигтайгаа хамтарч “Найрамдал” зээгт наамал, өөрөө “Улаанбаатар”, “Ялалт”, “Говийн анчин”, “Сарангуа” зэрэг зүмбэр, “Манай нутагт”, “Залуу хүч нэгдлийн төв”, “Нэгдлийн бригад” гэх мэт монгол зураг, зохиолч Д.Намдагийн “Шинэ байранд” жүжгийн санаагаар зээгт наамал урласан байна. Хонины нэхийний үсийг хайчилж гантиг сийлбэр мэт урлал бүтээдгээрээ нэрд гарсан, дэлхийд анхдагч болсон уран бүтээлч ажээ. Анх 1957 онд Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор Лениний дүрийг бүтээж нэхий урлал хийх ажлаа эхэлсэн бол мэндэлснийх нь 100 жилийн ойгоор Лениний янз бүрийн байрлал хөдөлгөөнтэй дүрийн 100 нэхий хайчилбар урлажээ. Мөн К.Маркс, Д.Сүхбаатар, Д.Нацагдорж, Л.Толстой, М.Горький, М.Шолохов, Т.Шевченко, Р.Таагүүр зэрэг улс төр, уран зохиолын алдартны хөрөг, 70х80 см-ийн хэмжээтэй “Ленин, Сүхбаатарын хөрөг”, 100х120 см-ийн харьцаатай “Түүхэн уулзалт”, эдгээрээс илүү том хэмжээний “Даян дэлхийд энх тайван” гэсэн бүтээлийг нэхийний үсийг хайчилж бүтээсэн нь давтагдашгүй урлал болсон байна. “Алтан гадас” одонгоор гурван удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.