
НОРОЛХОО Баатарын /1926-1995/. Завхан аймгийн Сантмаргац сум. Монголын пионерийн ордны хатгамлын дугуйлангийн багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1977-03-02. №51/. Эмэгтэй.Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1949 онд, БНХАУ-д уран хатгамалчийн дамжааг 1958 онд төгсчээ. 1946-1958 онд Дүрслэх урлагийн газар уран хатгамалчин, 1958-1992 онд Монголын хүүхдийн ордны уран хатгамлын дугуйлангийн багшаар ажиллаж өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд 30 гаруй, дүрслэх урлаг, тэр дундаас хатгамлын урлагийг хөгжүүлэхэд 50 шахам жилийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулсан байна. “Саальчин”, “Тугалчин”, “Д.Сүхбаатар”, “Сүхбаатар Ленинтэй уулзсан нь”, “Атар газар”, “Үндсэн хууль”, “Энхтайван” зэрэг олон уран хатгамал урлажээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Лувсанжамцын гэргий.