
РАВСАЛ Баярын /1917-2004/. Дөрвөдийн зоригт ханы хошуу, өнөөгийн Увс аймгийн Завхан сум. Офицеруудын ордны цэргийн музейн эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-03-16. №60/.УБДС-ийн зураг хөдөлмөрийн багшийн ангийг 1967 онд төгссөн. 1938-1939 онд орон нутагтаа багийн суурин төлөөлөгч хэмээх худалдааны агент, 1939-1955 онд Ардын армид бага дарга, улс төрийн удирдагч, номын багш, Намын дээд сургууль, Монголын урчуудын эвлэлийн хороо зэрэг байгууллагад зураач, секцийн эрхлэгч, дээд сургууль төгсөөд насны тэтгэвэрт гартлаа армийн улс төрийн газарт ажиллажээ. “Хянганы даваанд манай цэрэг”, “Хятадын цагаан хэрмийг чөлөөлсөн нь”, “Монгол, Зөвлөлтийн цэрэг их хэрмийн хаалганд”, “Чөлөөлөлт”, “Халхын голын атак” зэрэг сүрлэг зохиомжит зургууд, “Сүхбаатар журамт цэргийн жагсаал дээр”, “Г.К.Жуков” зэрэг хөрөг, “Намын анхдугаар их хурал” гэхчилэн түүхэн үйл явдлын зургийг туурвиж, “Халхын голын ялалт” хэмээх биет үзмэрүүд бүхий диарам бүтээжээ. Мөн олон зээгт наамал, уран хатгамлын эх зургийг зурсан байна. 1990 оноос Гандантэгчилэн хийдэд зураачаар ажиллаж 40 гаруй бурхан, хүрээ хийдүүдийн сүм дуганы эх загвар, Улаангомын хуучин хийдийн зураг, Далай ламын монгол багш Ханд чин вангийн Дандар лхаарамба, Алтангэрэл маарамба нарын хөргийг бүтээжээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, цэргийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Б.Цэрмаагийн нөхөр.