Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

УРТНАСАН Ойдовын
УРТНАСАН Ойдовын /1929/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. “Монгол кино” үйлдвэрийн операторчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/, төрийн шагналт /1985/.1952-1957 онд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд суралцаж төгссөн. Кино зураглаач мэргэжилтэй. Дунд сургууль төгсөөд кино зураглаач Д.Жигжидийн дагалдан туслахаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, насны тэтгэвэрт гартлаа “Монгол кино” үйлдвэрт ажилласан байна. Ардын хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын тухай “Наадам” гэдэг нэг  бүлэгт баримтат киноны зургийг авч найруулан бүтээн уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Энэ кино олон улсын оюутны кино наадамд нэгдүгээр байр эзэлж дипломоор шагнагджээ. “Өглөө”, “Тэмцэл”, “Ардын элч”, “Алтан өргөө”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тус биш ус”, “Их замын тоос” зэрэг уран сайхны киноны зургийг авч, “Парист”, “ДЗО-ны VII их наадам, “Улаан загалмай”, “Говьд”, “Хангайд”, “Ан”, “Хар ус нуур”, “Аргаль угалз”, “Мянган дурсгалт Орхоны хөндийгөөр”, “Байгалиа гал түймрээс хамгаалъя”, “Таван нуурын дууль”, “Хавтгай”, “Ээж хайрхан”, “Богд уул минь”, “Хар хөрсний булга”, “Баавгайн мөрөөр”, “Их говийн дархан газар”, “Цагаан зээр”, “Хулан”, “Үлэг гүрвэлийн мөрөөр”, “Хан Хэнтий нүцгэрэх гэж үү”, “Рашаан ус минь ариун байг” зэрэг олон арван баримтат кино бүтээсэн байна. 1965 оноос эхлэн байгаль, ан амьтдын тухай кино хийж, хүн, байгалийн харилцан шүтэлцээ, түүний зүй тогтолд учрах болсон сөрөг нөлөөллийг асуудал болгон дэвшүүлсэн нэлээд бүтээл туурвижээ. Бартаа саад их, аглаг зэлүүд, хахир хатуу говь цөл, уул хөвч, ян сарьдаг, аль хэцүү газруудаар олон хоног сараар шантралгүй явж дэлхийд нэн ховордсон ан амьтан, сүйтгэгдэж байгаа байгаль орчны зургийг кино зургийн хальснаа буулгаж уран чадварлаг зохиомжлон найруулж кино дэлгэцнээ мөнхжүүлсэн гавьяагаараа төрийн шагнал хүртсэн байна. “Говьд”, “Хангайд”, “Ан”, “Хар хөрсний булга” зэрэг баримтат киногоороо олон улсын кино наадмын шагнал хүртжээ. “Өөрөө ирдэггүй жаргал” дурдатгалын ном бичиж хэвлүүлсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats