
ГЭЛЭГДАНДАР Дамбын /1893-1985/. Өвөрхангай аймгийн Дэлгэрэх /Баянгол/ сум. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1961-12-28. №316/.13 настайдаа малын дүрс, номын бар сийлж сурч, 1925 онд “Анхны бичиг үсгийн тэнхим”, атганд багтдаг жижигхэн шатар урласнаа Улаанбаатар хотод аваачиж Засгийн газрын гишүүдэд үзүүлж танилцуулан сайшаагдан дэмжигдэж Багшийн сургуулийн сийлбэрчний багшаар томилогдон жил илүү ажиллаад орон нутагтаа буцаж очжээ. Тэнд 1928 онд гар үйлдвэрийн артелийн ажилчин болж хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш үйлдвэрлэлийн хоршооллын байгууллагад насны тэтгэвэрт гартлаа мужаан, сийлбэрчин, уран сийлбэрчдийн багш зэрэг ажлыг хийжээ. Октябрийн хувьсгалын 25 жилийн ойгоор зарласан уралдаанд маршал Х.Чойбалсангийн хөргийг зандангаар сийлж хоёрдугаар байр эзэлж байжээ. Улаан, цагаан зандангаар сийлж, зааны ясаар чимэглэсэн суурь дээр бод, хүүгийн үйл хөдлөлийг тусгаж сийлсэн шатар зэрэг бүтээлүүд нь Үндэсний түүхийн музей, ОХУ-ын Санкт-Петербургийн музей, Аврорын музейн шилдэг үзмэрт хадгалагдаж буй ажээ. Багш Ц.Дамбилын хамт 1920-иод оны эцсээр нутгийнхаа хүрээний 9 тэргүүн, 32 мутар, 16 бойвтой Жигжид бурхныг шаргуу сууж хоёр сар гаруй хугацаанд бүтээжээ.