
БОЛД Минжүүрийн /1910-нас барсан/. Түшээт хан аймгийн Түшээт вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Кино үйлдвэрийн найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1960-10-07. №195/. Эмэгтэй Гэрийн сургалтаар бичиг үсэг сурчээ. 1927 оноос Улаанбаатар хотын намын хороонд бичээч, Хоршоодын ерөнхий хорооны барааны хэлтэст ажилтан, 1931 оноос Улсын Бага хурлын нарийн бичгийн даргаар ажилласан байна. Улсын төв театрын дэргэдэх уран сайхны бүлгэмд ажлынхаа чөлөөгөөр оролцож байгаад уг театрын жүжигчин болж 1933 онд Москвад болсон 26 улс оролцсон олон улсын ажилчны театрын наадамд манай шинэ залуу театрын уран бүтээлчид С.Буяннэмэхийн зохиол “Харанхуй засаг” жүжгээр оролцоход уг жүжгийн зарц ядуу бүсгүйн дүрд тогложээ. Улмаар С.Буяннэмэхийн “Үнэн”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, Ши.Аюушийн “Харц Дамдин, хатан Долгор”, “Говийн хүүхэн Гүндэгмаа”, Лопе де Вегагийн “Хонины булаг” зэрэг жүжгүүдэд амжилттай тоглосон байна. 1939 онд киноны байгууллагад очсоноос хойш насны тэтгэвэрт гартлаа “Монгол кино” үйлдвэрт ажиллажээ. Зөвлөлтийн мэргэжилтэн Кувшичниковаг дагалдан зургийн эвлүүлэгч болж Октябрийн хувьсгалын 22 жилийн ойн тухай баримтат киног анх бүтээлцсэнээс хойш “Ноос бол алт”, “Амьдралын зам”, “Зөвлөлтийн улаан армид явуулсан бэлэглэлийн тухай”, “Баян-Өлгий аймгийн 20 жил”, “Баясгалант амьдрал нэгдэл”, Ардын хувьсгалын 24, 25 жилийн ойн баяр наадам, ДЗО-ны I, II, III их наадам гэхчилэн баримтат кино, хэдэн зуун кино мэдээ, “Анхдугаар хичээл”, “Баатар Гонгор”, “Морин цэрэг танкист”, “Хил дээр гарсан хэрэг”, “Цогт тайж” зэрэг манай анхны уран сайхны кинонуудын заримыг найруулж, заримыг бүтээхэд оролцсон байна. “Сүхбаатар”, “Цогт тайж”, “Баясгалан”, “Морьтой ч болоосой”, “Салхины амт”, “Өндөр ээж”, “Тунгалаг Тамир” кинонд оролцон тоглож, “Хүргэн хүү”, “Өглөө” киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.