
ЖАНЧИВДОРЖ Жамсрангийн /1944/ Төв аймгийн Өндөрширээт сум. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ /2001-02-24.№42/
Улаанбаатар хотод циркийн сургуулийг 1964 онд төгссөнөөс хойш Улсын циркт жүжигчнээр ажиллаж, монгол циркийн урлагт, духан дээрээ 5 метр урт нарийн төмөр босгоод түүгээр 2 жүжигчин өөдөө авирч дээд үзүүрт нь хүрэхэд дээрээс нь мөн төдий хэр урт төмөр буулгахад нэг нь түүнийг духан дээрээ тогтоож, нөгөө нь түүгээр дээш авирч үзүүрт нь гарч зогсдог тулах тэнцвэр, сарлагтай акробат зэрэг ур чадвар шаардсан үзүүлбэрүүдийг хийж циркийн шилдэг бүтээл болгосон байна. 1980 онд хэсэг хүүхдийг шинээр циркийн мэргэжилд сургаж жүжигчин болгож шидэлттэй акробат, баганат гимнастик, хос нугаралт, сандлын тэнцвэр зэрэг уран бүтээлүүдийг хийсэн байна. Энэ хамтлагаараа 1991-1995 онд Герман, Голланд, Швейцарь улсад 4 жил ажиллаж, 300-гаад мянган ам.долларын орлогыг цирктээ оруулжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.