
ЦЭВЭЛМАА Сундуйн /1928-2002/ Булган аймгийн Авзага сум. Хөгжим бүжгийн коллежийн багш байхдаа МУГЖ /1997-11-13.№62/ Эмэгтэй
Нийслэлд уран сайхны сургуульд суралцаж төгсчээ. 1941-1962 онд УТТ, УХДТ-т хөгжимчин, 1962 оноос хойш урлагийн сургууль, ХБДС, ХБК-д нас эцэслэтлээ 40 жил багшаар ажиллажээ. Мөн ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан” хамтлагт хөгжимдөж байжээ. Хуучир, хийл хөгжмөөр мэргэжсэн алдарт хөгжимчин байжээ. Хуучир хөгжмийн сургалтын агуулга, онол, арга зүйг өрнө, дорнын сонгодог арга барилтай нягт уялдуулан боловсруулж, сургалтын шинэ тогтолцоог бий болгосон сурган хүмүүжүүлэгч, дэд профессор байжээ. П.И.Чайковский, В.А.Моцарт, Ф.Шуберт зэрэг сонгодог болон Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, З.Хангал, Ц.Сүхбаатар, Б.Чойбаатар гэх мэт Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг анхлан хөгжимдөж, дэлхийн олон үндэстний ардын болон сонгодог бүтээлийг хуучир хөгжимд хөрвүүлэн найруулж, чадварлаг тогложээ. 1947 онд ДЗО-ны анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцсон байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.