
ЗОРИГТ Гунгаагийн /1955/ Дорноговь аймгийн Сайншанд хот. УАДБЧ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1990-01-08.№01/
Улаанбаатарт ХБДС төгсөөд УАДБЧ-д бүжигчнээр ажилласнаас хойш олон жил гоцлол бүжигчнээр ажиллан ардын тайзны бүжгийн урлагийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан уран бүтээлч ажээ. ДЗО-ны Х их наадамд Ц.Сэвжидийн дэглэсэн “Жалам хар” бүжгийг гоцлон бүжиглэж тэргүүн шагнал авсны гадна 1987 онд болсон бүжигчид, бүжиг дэглэгчдийн улсын анхдугаар уралдаанд “Зочид” хослол бүжгээр II байр эзэлжээ. Бүх төрлийн үсрэлт, буултыг туйлын хөнгөн, оновчтой, уран хийдэг, эргэлт хурдан байдгаараа бусад бүжигчдээс ялгардаг онцлогтой бүжигчин ажээ. 1989 онд “Тоорой бандийн домог” бүжгийн нэг хэсгийг бие дааж дэглэснээс эхлээд олон бүжгийг дэглэн тоглуулжээ. Тэр ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, дуучин Ц.Өлзий-Орших /хожим УГЖ/ нартай хамтран “Ээж, хүү хоёр” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтыг 1980-аад оны сүүлчээр зохиосон нь үзэгчдэд ихэд таашаагдсан байна.