
ЧИМИДДОРЖ Лхамсүрэнгийн /1938/ Төв аймгийн Сэргэлэн сум. Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин байхдаа МУГЖ /1988-12-13.№156/
1954-1957 онд Урлагийн сургуульд суралцаж төгсөөд Хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллажээ. Н.Надмидын “Адуучин хүү”-гийн хаан, Траховскийн “Цурхай загасны тушаалаар”-ын Емеля, Н.Носовын “Үл мэдэх хөглөсөн нь”-ийн яруу найрагч Цэцэгхэн, В.Сайкын “Ноён буга”-ын Жеро Хадан зэрэг олон дүрийг бүтээж, өөрөө “Тоглоомуудын гомдол” хошин жүжиг, монгол ардын үлгэрүүдээс сэдэвлэсэн “Үлгэрийн цуврал” туурвин зохиож, А.Чойсоны “Алтан гургалдай”, Д.Оюунбадрахын “Хунгийн домог” жүжгийг найруулан тавьж театрынхаа урын санг баяжуулжээ. 1995 оноос “Алтан унага” хүүхэлдэйн театр байгуулан хүүхэд, насанд хүрэгсдэд В.Шекспирийн “Зуны шөнийн зүүд”, А.Чойсонгийн “Тэнэмэл тооройнууд” гэхчилэн нэлээд уран бүтээлээр үйлчилж байна. Олон улсын хүүхэлдэйн жүжигчдийн их наадмуудад удаа дараа оролцож медаль, цом, диплом хүртсэн байна. МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар 1981 онд шагнагджээ. Мөн “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна.