
ПҮРЭВ Зундуйн /1923-2001/ Ховд аймгийн Дарви сум. ДУАТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1987-09-30.№129/
Орон нутагтаа мал маллаж аж төрж байгаад 1943-1950 онд цэрэгт алба хаажээ. 1950-1956 онд Ховд аймгийн хүнсний комбинатын харьяанд сумдын сүү тосны заводын мастер, эрхлэгчээр ажилласан байна. 1956 оны намар УХДТ-т дагалдан жүжигчнээр орж урлагийн замаа эхэлж УДТ, УДАТ-т насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа “Тамирын бэр”-ийн Минжүүр, “Далан худалч”-ийн Галдан ноён, “Арын албаныхан”-ы Чойжив маарамба, “Маш нууц”-ын шар Равсал, “Отелло”-гийн Барбанцо зэрэг зан төрх, сэтгэхүйн онцлог донжийг олж гаргасан олон шилдэг дүрийг театрын, “Өглөө”-гийн Дамчаа, “Өнөр бүл”-ийн Лонжид, “Бидэнд юу саад болж байна вэ”-гийн Дагва, “Төгсгөл”-ийн Самдан гэхчилэн дүрээрээ киноны урын санг баяжуулж, Монгол телевизийн уран бүтээлүүдэд идэвхтэй оролцож олны дунд “Сэмбээ” хэмээх бүтээсэн дүрээрээ алдаршсан авъяаслаг жүжигчин байжээ. Ардын хувьсгалын 60 жилийн ойг угтаж зарласан драмын жүжгийн шилдэг дүрийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. УГЖ З.Галсанданзангийн төрсөн ах.